2024-11-23, 12:03 PM
Site menu /Үндсэн цэс/
Chat /Чат/
Horoscops /Зурхай/
Statistics /Үзүүлэлт/
Сурталчилгаа
Search /Хайлт/
Login form /Нэвтрэх/
Calendar /Хуанли/
TV prog/ТВ хөтөлбөр/
Site ads /Реклам/
Online radio
Ханш Монголд
Ханш Солонгосд
Толь бичиг
Main » 2012 » October » 20 » Өмнийн говийн хүчтэнүүд
5:20 PM
Өмнийн говийн хүчтэнүүд
 
Бөхийн өлгий манай эх орны мини өнцөг булан бүрээс хүчит бөхчүүд олноор төрдөгийн адил өмнийн цэнхэр говиос алдар цуугаа мандуулсан олон шилдэг бөхчүүд төрж гарсан байдаг билээ. Домог түүхэнд мөнхөрсөн Идэр Намжил/Дампил/ аваргаас эхлэн шилийн сайн эр Ширмэн Хоовон нарын шилийг дарж зөвхөн Ардын засгийн жилүүдэд төрсөн хүчит бөхчүүдийн талаар товч өгүүлье.
Өмнөговь аймгийн эдүгээ цагийн бөхчүүдийн манлай нь мэдээж Манлай сумын харъяат Гомбо-Аюушийн Дэмүүл арслан юм. Улсын их баяр наадамд 1969 онд түрүүлж, улсын арслан цолонд хүрсэн тэрбээр 1961 оны МБАТ-ний анхдугаар спартакиадаар 28 бөхөөс 24 давж улсын заан цолыг шууд авч, нийтдээ 10 удаа шөвгөрсөн байдаг юм. Дундговь аймгийн наадамд 20-иод насандаа анх түрүүлэхдээ Ш.Доржтовуу начинтай үлдэн "Дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” хэмээн аархаж, түүндээ ч хүрч байсан аатай, аралтай бөх билээ. 1969 оны улсын наадамд дөрөвт үлдэхэд нь Дамдин Аварга амлаж аваад унасан бол тунасан "хоёр Мөнх” хоёр цаг гаруй барилдсаны эцэст хасагдаж, Дэмүүлийг түрүүлсэнд тооцсон гэдэг. Үүний дараа "хоёр Мөнх хасагдаад түрүүлчихдэг та их азтай хүн юм” хэмээн хэн нэгэн даапаалахад "тиймээ би их азтай хүн, гэхдээ хоёр цаг хоорондоо үзэлцсэн хоёр Мөнхийн хэн нь ч миний гарыг нугалахгүй байсан даа” хэмээн хэн хүнд аз таардаггүйг аархан хэлсэн байдаг. Хойтон жил нь "хоёр Мөнх”-ийг эзгүй хойгуур эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэгчлэн дахин түрүүлэх бодолтой ирсэн ч шөвгийн дөрөвт үлдээд Бээжин Арслангийн хөл суйлаанд уначихаж билээ.
Наадмын дараа айлд айрагдахдаа "Хөвсгөлийнхөн хүчтэй бөөтэй улс, нэг юм хийлгэчих шиг боллоо” хэмээн хэнэг ч үгүй суусан ил цагаахан эр бас. Дэмүүл гуай залуудаа гэдэс гүзээгүй гоолиг эр байснаа сүүлдээ нэлээд гүзээ сууж үүгээрээ нэршсэн бөх. Нэгэн саваагүй эр түүнээс та ийм их гүзээтэй байж яаж барилддаг юм бэ? гэж шохоорхвол "Та нар муусайны гэдсэнд бол ус, угаадас л байгаа. Миний энэнд бол тарган хонины мах, таанын айраг багтдаг юм. Энэ биендээ тохирсон, эзэн хүндээ заяасан эрхтэн. Та нарт ийм юм байвал барилдах нь байтугай бааж ч чадахгүй” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Алтан говийн аат арслан Дэмүүлийн тухай энэ мэт домог яриа олныг өгүүлж болно.
Түүний дараагийн эрэмбийн бөх бол Буянт/Манлай/ сумын уугуул Дагдангийн Цэдэнгомбо Заан юм. Алдарт Лу гүний Вандан аваргыг өвдөг шороодуулсан арваадхан хүчитний нэг нь болох тэрбээр 1929 онд долоо давж улсын заан цолд хүрсэн байдаг.
Энд дурсахгүй байхын аргагүй нэгэн хүчтэн бол "хурандаа” хэмээн алдаршсан Бадамын Баярхүү Заан билээ. Олон жил эр цэргийн албанд хурандаа болтлоо ажилласан Ханхонгор сумын харъяат тэрбээр 1935 оны улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж улсын мэргэн цол хүртсэний зэрэгцээ амжилттай сайхан барилдаж лавтай мэдэгдэж буй баримтаар 1940, 1941 оны улсын баяр наадамд тус бүр зургаа давсан байдаг юм.
Дэмүүл гуай нэгэн үе Ламаажав, Пүрэв, Манлайжав, Санжаа, Норов гээд л аймгийнхаа бөхчүүдийг дагуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хаалгаар сүр бараатай орж ирдэг байсан гэдэг. Түүнтэй хамгийн ойр шадарлаж явсан ханхар бөх бол Ишийн Ламаажав гуай. Хүрмэн сумын харъяат энэ бөх 1959 оны улсын наадамд шууд зургаа давж улсын Начин цол хүртээд 1970 оны улсын баяр наадамд дахин зургаа давж наймд үлдээд Бээжин Аваргад мөн унасан бөгөөд энэ амжилтаараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын Харцага цол нөхөн авсан 25 бөхийн нэгэн билээ.
Өмнийн цэнхэр говиос үе үехэн үлэмж биетнүүд төрдөг гэж боддог юм. Үүний баталгаа нь дээрх Г.Дэмүүл, Д.Цэдэнгомбо, И.Ламаажав, одоо ч С.Идэрсүрэн, Б.Сумъяа, Б.Амгаланбаатар гээд л байж байх жишээтэй.
За тэгээд начин цолтнуудаас нь дурьдвал хамгийн эхэнд Мандал-Овоо сумын харъяат "махан сахал” хэмээх Нямын Юндэн нэрлэгдэнэ. Улсын наадмын оноо данс 1940-өөд он хүртэлх бүрэн бус учраас батлан хэлэхэд хэцүү ч 1931 онд начин цол авсан хэмээн ном хэвлэлд бичсээр ирлээ.
Цээжин дээрээ давхиж яваа морь шивүүлсэн, түүгээрээ олон түмэнд "морьт Пүрэв” гэж алдаршсан Очирын Пүрвээ бол Хүрмэн сумын харъяат бөгөөд удам угсааг нь нарийн яривал өвөрлөгч хүн гэдэг. Өөрийн хүчээр цолонд хүрнэ хэмээн гурван жил аархан унаж байж, 1974 онд шууд зургаа давж улсын начин цол хүртсэн байдаг юм. Хүрмэн сумын өөр нэг хүчтэн бол 1976 оны улсын наадамд тав давсан Балын Шоовдор гуай билээ. Дархан хотоос анхны цолоо хүртэж явсан тэрбээр одоо хөвгүүдийнхээ дээлийн захыг мушгисан шигээ жарган сууна.
Нэгэн мянга есөн зуун наян гурван оны наадмаар Өмнөговийнхон хос начинтай болж билээ. Улсын наадамд олон жил барилдаж, урьд нь дөрөв даваад байсан Ханхонгор сумын харъяат Адъяагийн Сугиа мэргэжил нэгт П.Дагвасүрэн Арслангаар, улсын аварга шалгаруулах барилдаанд олон жил сайн барилдсан Баян-Овоо сумын харъяат Дашдуламын Багахүү нутгийн ах Г.Дэмүүл Арслангаар тус тус тав давж байжээ.
Хурц арслан Ц.Бадамсэрээжидийг залган гарч монгол бөхийн тайлбарыг шинэ шатанд гаргасан миний багш Агвааны Ганбаатар 1990 оны улсын наадамд тав давж улсын цолтны их эгнээнд багтсан юм. Говийн цэцэн билэгт их авъяастнуудын төлөөлөл Ганбаа багш маань Баян-Овоо сумын харъяат бөгөөд говь нутгаасаа, монгол улсаасаа бөх төрүүлэх талаар хичээл зүтгэлтэй ажиллаж байсан юм.
Түүнээс арван жилийн дараа Гурвантэс сумын харъяат Дуламжавын Төмөрбаатар Баянмөнх аваргаар улсын цол авсан бол говийн бөхчүүдээс олимпийн их наадамд анхлан барилдсан бөх болох А.Ганбаа багшийн шавь, нэг нутгийн Түвшинтөрийн Энхтуяа, Балжинням аваргыг давж улсын начин цолонд хүрсэн юм.
Одоогийн байдлаар отгон начингууд нь өнгөрсөн жил буюу 2011 онд улс хувьсгалын түүхт 90 жилийн ойгоор улсын начин цол авсан Булган сумын харъяат Баатарын Сумъяа/Ламаажав харцагын нутгийн бөх/, Ханхонгор сумын харъяат Цэдэнбазарын Одбаяр/Пүрвээ харцагын хамаатан/ нар болоод байна. 20 жил болоод хосоороо начин төрдөг гэсэн хошигнол үнэний ортой дог.
Дээрх бөхчүүдийн адил улсын цолонд хүрээгүй ч гэсэн аймгийнхаа нэрийг улс орон даяар дуурсгаж явсан аймгийн шилдэг арслангууд олон бий. Тухайлбал, Хүрмэн сумын харъяат Лхагвын Лувсангончиг улсын баяр наадамд 1946, 1947 онд, Ханхонгор сумын харъяат "авдар” хэмээх Цэрэнгийн Санжаа 1968, 1969 онд тус бүр дөрөв давж байсан бол Н.Дорж, Б.Манлайжав, Ц.Эрин, С.Норов, С.Вандагдорж, Ц.Түвшинтөр, Г.Батжаргал нарын арслангууд улсын наадамд 3-4 давж, аймгийнхаа наадамд түрүүлж үзүүрлэж байв. Ер нь энэ аймаг байгуулагдсан цагаасаа хойш буюу 1931 оноос аймгийн баяр наадмаа хийж ирсэн бөгөөд уг наадамд улсын арслан Г.Дэмүүл таван удаа, улсын харцага И.Ламаажав, улсын начин Д.Төмөрбаатар, аймгийн арслан Бадамдоржийн Манлайжав/Мандал-Овоо сум/, Пунцагдаржаагийн Бямбаа/Сэврэй сум/ нар тус бүр дөрвөн удаа түрүүлж бусдыгаа манлайлсан байх юм.
Бөх удам дагаж төрдөг гэдгийг батлан энэ аймгаас улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн арслан Ш.Дарханбат, аймгийн начин Ш.Баянбат, улсын начин Д.Төмөрбаатарын хүү аймгийн начин Т.Далайням, аймгийн арслан П.Бямбаагийн хүү аймгийн арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Ц.Түвшинтөрийн хүү улсын начин Т.Энхтуяа, аймгийн хурц арслан Т.Энхтайван, аймгийн арслан Б.Ваанчигийн хүү аймгийн арслан В.Мөнхбат, аймгийн арслан Ё.Эрдэнэбатын хүү аймгийн харцага Э.Нямаа нарын олон бөхчүүд ид барилдаж явна. Мөн улсын Гарьд Н.Ганбаатар, улсын Харцага Д.Одсүрэн, Т.Санчир, улсын өсөх идэр Начин Ш.Батхуяг, аймгийн Арслан С.Вандагдорж, Дансран, Н.Отгонбаяр, аймгийн Заан И.Батсайхан, Л.Баяр нарын нэлээд олон хүргэн бөхчүүдээрээ энэ аймгийнхан бахархаж явдаг юм билээ.
Эдүгээ цаг үед Номгон сумын харъяат аймгийн арслан С.Идэрсүрэн, Хүрмэн сумын харъяат аймгийн арслан Ш.Дарханбат, Ноён сумын харъяат аймгийн харцага Э.Нямаа, Булган сумын харъяат аймгийн харцага Б.Мижидсүрэн, Номгон сумын харъяат аймгийн начин Ц.Анхбаяр, Сэврэй сумын харъяат сумын заан С.Хишигдалай, Мандал-Овоо сумын харъяат Б.Амгаланбаатар нарын олон залуус дээрх цолтнуудын залгамж халаа болон ид барилдацгааж байна.
Бэлтгэсэн МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, магистр Б.Цогтбаатар
Category: Мэдээ мэдээлэл | Views: 701 | Added by: Darhanchono | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: